Зөр- Эвлэ буюу Эвлүүлгийн арга (Slavin, 1994) нь сурагчид бие биедээ туслан, харилцан бие биенээ дэмжиж, хамтран суралцах боломж олгодог. Эл аргыг текст унших, илтгэл сонсох, багаар судалгаа хийх зэрэг үйл ажиллагааны үед хэрэглэнэ.
Хамтран сурахуйн аргуудын нэг болох Зөр-Эвлэ буюу эвлүүлгийн арга нь хоёр өөр багаар ажиллах боломжийг олгодог онцлогтой. Эхний багийг бид Үндсэн баг гэж нэрлсэн ба хоёр дахь ажлын хэсгийг бид Шинжээчдийн баг хэмээн нэрийдэж байна.
Хичээлд бэлтгэх явцдаа даалгаврын хуудсыг багш бэлтгэх ёстой юм.
Үндэслэл: Зөрж- Эвлэх буюу Эвлүүлгийн арга хичээлийн сэдвийг бүрэн ойлгож эзэмшихэд сурагчдад ихэд дөхөм болдог. Сурагчид эхлээд тексттэй танилцах ба өөрийн дугаарын дагуу тухайн асуудлаар “Шинжээч” болох ёстой юм. Сурагч бүр хичээлд идэвхтэй оролцохын зэрэгцээ “багшлах” боломж олдож байгаа юм.
Үндсэн баг: 4-6 хүртэл сурагчтай байх нь тохиромжтой. Үндсэн багаар 2-3 долоо хоногийг турш хамтран ажилласан байх ёстой ба тус багт эрэгтэй, эмэгтэй болон сурлагаар ялгаатай түвшний сурагчдыг аль болох зохистой харьцаатай оруулах нь зүйтэй. Багаар ажиллах арга барилд сурагчдыг уйгагүй сургах нь багшийн сургалтын үр нөлөөг дээшлүүлэх ач холбогдолтой болно.
Шинжээчдийн баг: 4-5 сурагчийн бүрэлдэхүүнтэй байх нь зохистой. Үндсэн багийн тоо нь ангийн сурагчдын тооноос хамаарах бол Шинжээчдийн багийг тухайн асуултын тоогоор үүсгэх тул Шинжээчдийн багт хэтэрхий олон сурагчид ажиллахад хүрвэл нэг асуудлаар хэд хэдэн Шинжээчдийн баг үүсгэн зохицууулах юм.
Хугацаа: Зөрж- влэх буюу Эвлүүлгийн арга нь хичээлийн 45 минутад багтах боловч үүнээс бага хугацаанд гүйцэтгэх боломж бас байдаг. Шинжээчдийн багаар 8 минут ажилласны дараа үндсэн багтаа эргэн ирсэн багийн гишүүн бүр 4 минутад сэдвээ “заана” гэвэл нийт 24 минут болж байна. Ангийн хичээлийн цагийг хэмнэхийн тулд урьдчилан текстийг гэрээр уншуулах нь зүйтэй. Эсвэл өмнөх хичээлэээр танилцуулвал Зөр-Эвлэ буюу Эвлүүлгийн аргыг хэрэгжүүлэхэд хугацаа нэмэгдэнэ.
Хэрэглэгдэхүүн: Шинжээчдийн багт зориулсан асуултыг урьдчилан бэлтгэнэ. Асуултуудыг самбарт бичих ба сурагч бүрд текстийн хувийг өгнө. Зарим тохиолдолд сэдвийг багш амаар өгүүлэх, уншиж өгөх, болон бусад аргуудыг бүтээлчээр хэрэглэх арга замыг хайгаарай.
Дасгалын явц:
Алхам 1: Багш “Шинжээчдийн” хуудсыг бэлтгэнэ. Багш унших сэдвийн гол агуулгыг товч танилцуулахын зэрэгцээ сурагчдын сурах үйл ажиллагааг чиглүүлж өгөх асуултуудыг самбарт бичнэ. Багш асуултыг Үндсэн багийн гишүүдийн тоогоор буюу 4-6 асуулт бэлтгэх ба асуулт бүр текстийн тодорхой хэсэг буюу агуулгатай уялдаатай байх ёстой.
Алхам 2: Багш сурагчдыг 4-6 гишүүн бүхий Үндсэн багуудад хуваана. Баг бүрийг эрэгтэй, эмэгтэй сурагчид болон сурлагын түвшнээр ялгаатай хүүхдүүдээр бүрдүүлэхийг эрмэлзэнэ. Үндсэн багаар ажиллаж сурагчид бие биедээ хичээлийн хэсгүүдийг “заах” тул энэ баг ихэд ач холбогдолтой. Иймээс Үндсэн багийн гишүүд бие биедээ хүндэтгэлтэй хандах ёстой юм. Үндсэн багийн сурагчид наад зах нь гурваас доошгүй долоо хоногийн турш хамтран ажилласан сурагчид байх нь зүйтэй. Баг, хэсгээр ажиллах бусад дасгалын үеэр эдгээр сурагчид хамтран ажилласан байна гэсэн үг юм.
Алхам 3: Багш Үндсэн багийг бүрдүүлэх эхний үед багийн гишүүдэд бие биеийг илүү сайн мэдэх бололцоо олгохын тулд багуудаар нүүр хагарах эсвэл баг бүрдүүлэх дасгалыг ажиллуулна. Баг бүрдүүлэхэд сайнаар нөлөөлдөг аргуудын нэг нь “багийн уриа” зохиох дасгал байдаг. Багуудад гурван минут өгөх ба хугацаа дуусмагц багууд ангийнхандаа “Багийн уриа”-гаа танилцуулах юм.
Алхам 4: Сурагчид хичээлийн сэдвийг уншина. Сэдвийг багш сурагчдын тоогоор олшруулсан байвал зохистой эс тэгвээс сэдвийг багш амаар өгүүлэн ярих юм.
Алхам 5: Багш асуултыг танилцуулах ба сурагчдыг Шинжээчдийн багт урина. Үүний дараа багш асуултуудыг самбарт бичих эсвээс асуултын олшруулсан хувийг сурагч бүрд өгнө. Багш сурагчдаар 1-4 (-6) хүртэл тоолуулж Шинжээчдийн багийг үүсгэн ангийн аль боломжтой хэсэгт хуваарилан суулгана. 1-р сурагчид нэг баг, 2-р сурагчид нөгөө баг гэх мэтээр баг үүсгэнэ гэдгийг санаарай. Үүний дараа багш баг бүрийн хэлэлцүүлгийн Хөтлөгчийг сонгоно. Асуултыг дугаарын дагуу багуудад өгөх боломжтой авч солбих байдлаар өгөх арга ч байдаг.
Алхам 6: Одоо ингээд Шинжээчдийн багууд тус тусын асуулт дээр ажиллаж “хичээл заах”-ад бэлтгэнэ. Шинжээчдийн багийн гишүүд асуултыг авч хэлэлцэн хэрхэн заах талаар ярилцах ба үүний тулд эхлээд багийн гишүүн бүр сэдвийг уншин тухайн асуултад хамааралтай хэсгийг олно. Багуудын ажиллах хугацааг багш сурагчдад хэлж өгнө. Шинжээчдийн багийн гишүүд тухайн мэдээллийг ямар аргаар Үндсэн багийн сурагчдад ойлгуулж “заах” талаар ярилцаж тохирно. Үндсэн багтаа эргэж ирээд хамгийн гол нь асуултын хариултыг ярьж өгөх ёсгүй ба харин үүний оронд өөрийн багийн гишүүдээр асуултын хариуг олуулах аргыг Шинжээчдийн баг бодож олох ёстой гэдгийг сурагчдад сайтар ойлгуулаарай. Шинжээчдийн багуудын ажлын үеэр багш анги дундуур явж багуудад туслах ёстой.
Алхам 7: Асуултыг хэрхэн “заах”–аа тогтсон Шинжээчид одоо өөрсдийн Үндсэн багтаа эргэж ирэх ба ээлжээр багийн ажлыг удирдан явуулна. Шинжээч бүр 4-5 минутын хугацаанд багийн гишүүдээр тухайн асуултыг хэлэлцүүлнэ. Шинжээчийн гол зорилго бол хичээлийн тухайн хэсгийг багийн гишүүдэд бүрэн гүйцэд ойлгуулах явдал ба үүний тулд асуулт асууж хариулт авах, тайлбарлуулах, дасгал ажиллуулах зэрэг аргуудыг хэрэглэнэ.
Алхам 8: Үйл ажиллагааг үнэл. Дасгалын үеэр сургачдын оролцоо хэр байсан талаар сурагчдын саналыг сонсох ба хэрхэн сайжруулах талаар ярилц.
ҮНЭЛГЭЭ: Хамтран сурахуйн уриа бол ”Хамтын хариуцлага ба Хүн бүрийн оролцоо” юм. Энэхүү урианны гол утга нь амжилттай сайн сурахад сурагч бүр бие биеийн өмнө хариуцлага хүлээнэ гэсэн үг юм. Нөгөө талаас сурагч бүр өөрийн сурах үйл ажиллагаанд хариуцлагатай хандах ёстой гэсэн үг билээ. Сургалтын төгсгөлд мэдээж сурагч бүр шалгалт өгч, мэдлэгээ тус бүрдээ үнэлүүлнэ гэдгийг ч мартаж болохгүй юм. Тэгэхээр багш багийн үйл ажиллагааг үнэлэхээс гадна сурагч бүрийн хөгжил, дэвшил оролцоог үнэлж байх ёстой.
ЗӨВЛӨМЖ: Багаар ажиллах үед сурагчдын анхаарлыг өөр зүйлд хандуулах, дараагийн үе шатад шилжүүлэх зэрэгт бэрхшээл тулгардаг тул багш тодорхой дохиог ангид хэрэглэж занших нь зүйтэй байдаг. Жишээ нь: Багш 2 гараа өргөж тас, тас дуугаргахад бүх сурагчид хийж буй зүйлээ зогсоож, багшид анхаарлаа хандуулах гэх мэт. Иймэрхүү дохио зангааг багш өөрөө зохиож сурагчидтайгаа хамтран хэрэгжүүлж хэвшвэл цаг хэмнэх ач холобгдолтой.
No comments:
Post a Comment